Tuesday, November 1, 2016

ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ БУЮУ СААЛИЙН ҮНЭЭНИЙ ХЭРЭГ.


Манай нэг "суут" үзэл сурталч - "Төрийн үндсэн үүрэг бол нийгмийн мэнэжмэнт юм. Төр хэдий их өөрийн хөрөнгөтэй, тэрийгээ өөрөө хөдөлгөж байна, төдий их авилга гарна. Хөрөнгө нь хувьд, бодлого нь төрд байж л авилга үгүй болно, нийгэм эрүүлжинэ, улс орон төвшрөнө" хэмээн хэдхэн хоногийн өмнө айлджээ. Гэтэл мань эр нүдэн дээр нь Эрдэнэтийг хувьчлан тонож байхад огт тоосон шинжгүй. Аягүй бол "дөнгөж 49% хувь нь хувьчлагдсан учир тонож байгаа. 100% хувьд өгч байж цэвэршинэ" гэж өөдөөс мэлзийнэ дээ. 100% хувьд өгчхөөр харин Бороо Гоулд шиг тэр чигээр нь татвараас чөлөөлчихдөг юм ш дээ. Өөрсдийгөө либерал гэж нэрлэсэн манай хэдийн заль энэ юм. Үүнийг tautology буюу тойруу аргумент гэдэг. Монголчилбол БӨӨРӨНХИЙЛӨХ. Еэвэнгийн тал нь хаана байна гэхээр энэ гэдэг Зэрэг Нэмэхийн Өмнө киноны Боролдойн үйлдлээр ард түмний сэтгэлд мөнхөрсөн заль.

Асуудал уул нь авилгадаа биш юм ш дээ. Нийгэм эдийн засгийн тогтолцоо нь гажууд учир төрд ч байсан, хувьд ч байсан тонож болох бүх юмыг тоноод байгаа юм. Харин өнөөгийн нөхцөлд муу ч сайн ч төрд байснаар тодорхой хэмжээнд хянах, татвар ноогдуулах бололцоотой байгаа юм. (https://www.dorgio.mn/index.php/p/59252) Манай 1992 оны Үндсэн хуульд байгуулна гэж заасан нийгэм мөн түүнээс хойш бий болсон нийгэм яагаад хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай байна вэ? Бүтцийн өөрчлөлт, хувьчлал нэрээр Монголын нийгэм дэх хүч, эрх мэдэл, хөрөнгө орлогын харьцааг эрүүл бус хэмжээнд аваачиж, улс орныг ганц салбараас хамааралтай болгосон явдал нь ямар ч сайн хууль боловсруулаад хэрэгждэггүй гажууд тогтолцоо бий болгожээ. Бодлогогүй шинэчлэл нь дотоодын хүчний харьцааг өөрчлөөд зогссонгүй, Монгол Улсыг гадаад түүхийн эдийн зах зээлээс шууд хамааралтай, юу ч бүтээдэггүй улс болгов. Олборлох капитализмын (extractive capitalism) нийлүүлэлтийн хамгийн доод цэгт орших манайх шиг улс орнууд (1) Үйлдвэрлэх хүчний хөгжлийн доогуур төвшин, (2) аж ахуйн өрөөсгөл, явцуу бүтэц, (3) хоорондоо холбоогүй олон салбар, аж ахуй, (4) амиа аргацаасан аж ахуйн зонхилох байдал, (5) худалдааны болон банкны мөнгө хүүлэх тогтолцоо, (6) феодалын маягийн түрээсийн хэлбэрүүд зэргээрээ ялгардаг аж.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөгжиж буй орнуудыг түүхийн эдийн бааз болгох, мөн цаашид тэр хэвээр нь байлгах явцад үндэстэн дамнасан капиталаас гадна тухайн улсын дотоодын ноёрхогч буюу компрадор анги нь тун чиг идэвхтэй оролцдог. Яг энэ үйл явцыг Жосеф Стиглиц: "хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн бүтцийг өөрчилж аж үйлдвэрийн хавсарга болгох бодлого нь хөрөнгө оруулалт, худалдааны тогтолцоо, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгждэг юм" хэмээн тодорхойлсон байдаг. Энэ хавханд орсон манай үндэстний хөрөнгөтнүүд улс орноосоо бус харин гадаад хүчин зүйлүүдээс илүү хамааралтай болж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах ямар ч шаардлагагүй болов. Харин бүр ч эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хуваан тvрээслэж, эрх мэдлээ ашиглан өөртєє нийгмийн баялгаас төрийн нэрээр ханаж цадахаа мэдэхгүй хуваарилах болов. Ийм тогтолцоог Rentier economy ч гэж нэрлэдэг.

ТИЙМ Ч УЧИР МОНГОЛЫН ТӨР ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛБАР БОЛЖ ХУВИРАВ.

Ийм нөхцөлд авилга гэдгийг яг таг тодорхойлох нэн түвэгтэй. Өнөөгийн эрх зүйд авилга гэж нэг талдаа төрийн албан хаагч нөгөө талдаа иргэн хоорондын олон нийтийн эрх ашигт хохирол учруулсан харилцааг хэлдэг. Хэрэв хувьд очвол авилга нь хахууль болж нэр төдий өөрчлөгдөхөөс агуулга нь хэвээр үлдэх юм. Хэдэн монополь картелиуд эдийн засаг, улс төрийг тэр чигээр нь базсан учир өрсөлдөөн гэж байхгүй. Энэ нь зах зээл, сонгууль, хувьчлалын хувьд ч адилхан. Өрсөлдөөн мөн хяналт байхгүй нөхцөлд юу гэж нэрлэхээс үл хамааран олон нийтийн эрх ашгийг хохироох үйлдлүүд, трансакцууд хийгдсээр л байх болно.

МОНГОЛ МАЯГИЙН ХУВЬЧЛАЛ НЬ ЯМАГТ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХИЙГДДЭГ БОЛСОН УЧИР ЭНЭ ҮЗЭГДЛИЙГ ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ ГЭЖ НЭРЛЭВЭЛ ЯГ ТОХИРОХ БУЙ ЗАА.

No comments:

Post a Comment