Saturday, December 21, 2013

Монгол Сэхээтэн, тэдний үүрэг (1-р хэсэг)


Сэхээтэн гэж ёр нь ямар хүмүүсийг хэлэх вэ? Тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг юу вэ? Сэхээтэн ангид дээд боловсролтой бүх хүнийг хамруулж ойлгодог явцуу үзэгдэл манайд тогтоод их удаж байна. Тэгвэл дээд боловсролын дипломтой хэдэн арван мянган сэхээтэнтэй Монгол улс оюун санааны хувьд яагаад ийм дорой байна вэ? Учир нь сэхээтэн хүн боловсролоос гадна эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой юм. 
 
Монголоо хайрлах сэтгэлгүй хүнд бол ямар ч их авьяас чадвар байгаад СЭХЭЭТЭН гэж дуудуулах үндэс байхгүй байх нь. Монголоо хайрлах сэтгэл харин маш энгийн зүйлээс эхэлнэ. Та хүүхдийнхээ сургуулийн хичээлийн хөтөлбөрийг судалж үзсэн үү? Өдөрт ямар хоол идэж байгааг нь хянадаг уу? Өөрийн үр хүүхэд мөн тэдний адил мянга мянган хүүхдийн хувь заяаг боловсролын тогтолцоонд даатгаад үлдээж болох уу? Хамгийн наад зах нь эцэг эхийн зөвлөл үүсгэж/нэгдэж үйл явцад нөлөөлж байж бид иргэнийхээ үүргийг биелүүлэх болно. Эх орон ч сэтгэл гэдэг амьдралын ийм л аахар шаахар зүйлээс эхэлдэг байх.

Цаг үе ээ дагаад эх оронч хүнийг тодорхойлох өнцөг өөрчлөгдөх нь дамжиггүй юм.
Харьцангуй энх боловч даяаршлын дайралт улам хурдсаж буй өнөө цагт, эх оронч үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Цаг хугацаа, орон зай хумигдан, цорын ганц тогтмол нь өөрчлөлт болсон өнөө үед Үндэсний соёл, онцлогоо хамгаалах, гаднын соёлыг өөриймшүүлэн хөгжүүлэх, эцэстээ мөнхлөх хэрэгцээ зайлшгүй үүсэж байгаа юм. Үүнд, эх хэл, бичиг, өв уламжлал, ёс заншил зэрэг багтана. Энэ бол орчин үеийн МОНГОЛ сэхээтний ухамсарлан ойлгож, зарчмынхаа суурь болгон боловсруулах зайлшгүй хүчин зүйл юм.

Бодит байдал ямар байна вэ?
Бие биенээ гэх хамтын сэтгэлгээ, түүний дээд илрэл болсон үндэсний сэтгэлгээ унаж, үнэ цэнэгүй болж буйг бид бүгдээрээ анзаарч байгаа. Үндэсний соёл, онцлогоо хамгаалах, гаднын соёлыг өөриймшүүлэн хөгжүүлэх нь өнөө үеийн хүн төрөлхтний хөгжлийн давлагааны эсрэг хэмээн ухуулах нь даяаршлын явцад завшиж буй үндэстэн дамнасан корпорацууд, хөгжингүй орнууд болон тэдний хөрөнгөтөн ангийн үзэл суртлын цогц системийн хэрэгцээ юм. Өнөөгийн Монгол улсад нийгэм-ёс суртахууны хувьслын хамгийн бүдүүлэг хэлбэрийн нэг болох хэрэглээний соёл бүрэн тогтож дуусжээ. Хувиа хичээх, эд материал зугаа цэнгэл хэтэрхий сонирхох, ямарваа нэг үйлийг зөвхөн зал зээлийн эрэлтэд захирагдаж хийх, ДНБ мэтийн рационал сэтгэлгээний бүдүүлэг хэдхэн үзүүлэлтээр нийгмээ залж буй зэрэг бүх үзэгдэл хамтын амьдралын үнэ цэнийг бууруулж, биднийг оюун санааны, тухайлбал соёл-үндэсний хүрээнд мэдрэмж муутай, технократ сэтгэлгээтэй болгож байна. Сүүлийн үед ноёлж байгаа оюун санааны ойлголт, онолууд (жишээ нь Германы Ю. Хабермас) иргэн хэмээх субъектийг соёл, угсаанаас гадуур, зөвхөн улс төрийн холбоонд гэрээгээр орсон тал мэтээр, харин улс-төр, туух-оюун санааны нэгдэл болох үндэстэн улсыг хувь хүний эрхийг хангах, хэрэглээний зах зээлийг хянах хэрэгсэл мэтээр тайлбарлаж байна. Бүр цаашлаад иргэн хэмээх “бүрхэг” ойлголтыг “хариуцлагатай хэрэглэгч” хэмээн өөрчлөх ч санаа цухалзаж эхэлж байгаа билээ.

Үндэсний онцлогтой, эх оронч үзэлтэй сэхээтний хэрэгцээ.
Үндэсний соёл, онцлогоо хамгаалах, гаднын соёлыг өөриймшүүлэн хөгжүүлэх нь заавал эсрэг байх зүйлүүд биш. Үндэсний соёл, онцлогоо хамгаалах нь заавал даяаршлын эсрэг байх ёстой гэсэн үг ч биш. Даяаршлын хүрээнд хамрагддаг бүх үзэгдлийн эсрэг тэмцэнэ ч гэсэн санаа биш юм. Энэ бол хамгийн энгийнээр авах юмаа аваад, хаях юмаа хаяад дасан зохицох, амьд үлдэх л асуудал. Үндэсний соёл, онцлог бол үеэс үед дамжигдан оршдог ямарваа нэг үндэстний дархлааны систем учир нийгэм, дэлхий дахиныг хамарсан хурдацтай өөрчлөлт, байгаль болон хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан хямралын үед тухайн улс орны тогтвортой байдлыг хадгалах гол хүчин зүйл юм. Э. Смитийн үзлээр үндэсний соёл бол ямарваа нэгэн нийгмийн ихэнх гишүүд бүрэн идэвхгүй байдалд орон сүйрэлд хүрэх аюултай болох үед ч тогтвортой байдлыг хадгалах гол хүчин зүйл болдог байна.
Эх орон ч сэтгэлгээ нь бахархал, омогшил зэрэг их хүчтэй сэтгэлийн хөдлөл төрүүлдэг бөгөөд тусад нь салгаж авч үзэхэд маш хүнд байдаг. Сэтгэлзүйн үзэгдлийн хувьд бахархал, омогшил нь их үйл хэрэгт түлхэх, сэтгэлийг хөглөх нөлөөтэй тул зөвөөр залах юм бол үр дүнтэй үзэгдэл юм. Олон суут сэтгэгчид үндэсний үзлийг хүн хэмээх бодгалийн гэр бүл мөн гэр бүлийн үргэлжлэл болсон нутаг ус, улс орноо хайрлах төрөлх чанартай нийцдэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Харийнхны гавьяаг олж харахад минь эх оронч сэтгэл саад болдоггүй. Харин ч хүн эх орондоо хичнээн хайртай байх тусмаа өөрийн улсыг гаднын үнэт эрдэнэсээр баяжуулахад тэмүүлдэг” гэсэн Вольтерийн алдарт хэлц байдаг. Өнөөгийн ширэнгэн ой мэт өрсөлдөөнтэй тогтолцоонд тухайн улсад дэлхийд чухал юу байна, тэрэнд л үндэстний ач холбогдол оршино. Миний бодлоор бол гэр бүл, эх орноос ундарга аваагүй ямар ч хүний сэтгэлгээ тэнгэрийн хаяа болох бүхий л хүн төрөлхтөн үзэгдэх өндөрлөгт гарч чадахгүй билээ. Суут юм болгон үндэсний мөн чанар, туршлага, болон онцлогоос эхлэлтэй байдаг тул Монгол соёлоо аварч үлдэх, цаашлаад нүүдлийн аж ахуйн онцлогтой, хамгийн тогтвортой, ёс суртахуунлаг хөгжлийн шинэ үзэл санаа боловсруулан дэвшүүлэх нь хүн төрөлхтний өмнө хүлээсэн бидний үүрэг болов уу. Үндэсний үзлийг туйлширсан хэлбэрээр ашиглавал хор, уршиг болох нь гарцаагүй. Энэ явцыг залах, амьдралтай уялдуулах нь төр засаг, Монгол сэхээтний чухал үүрэг юм.  

/Үргэлжлэл бий/