Sunday, October 7, 2012

“Өлсгөлөн сүнс”

Буддийн номлолд энэхүү орчлон ертөнц таван мөчлөгөөс тогтдог хэмээн үздэг. Хамгийн доод гурван түвшин нь тамын (тогтоон барьж болшгүй уур хилэн ба айдас), өлсгөлөнгийн (залагдахгүй тачаал болон сонирхол) , амьтны 3 хүрээ байна.
“Өлсгөлөн сүнс” хэмээх мөчлөг том хоосон гэдэстэй, хатангир хүзүүтэй, жижигхэн амтай амьтны дүрсээр илэрхийлэгддэг. Эд хаа газар хэсүүчлэн явж хоосон гэдсээ дүүргэхийг
хичээдэг боловч гэдэс нь сунадаг учраас хэзээ ч “өлсгөлөнгөө” хангаж эс чадна.


Бид бүгд эд юмсыг аз жаргал, амжилт хийгээд бүхий л үнэт зүйлсийнхээ хэмжүүр болгон, хүсэл шуналдаа захирагдсан өнөө үед, мөн чанарын хувьд “өлсгөлөн сүнснээс” ялгаагүй болсон мэт байна. Архи, тамхи, мөрийтэй тоглоом, хоол, хувцас, мөнгө, хийрхэл – энэ бүх хийсвэр ба бодит зүйлүүдэд донтох нь гаднын нөлөөнөөс үүдсэн дотоод хямралын илрэл болохоос бодит өвчин биш юм. Бүх хүний дотор “Өлсгөлөн сүнс” оршдог боловч, хэт донтсон үед “Өлсгөлөн сүнс” тухайн хүний бие сэтгэлийг бүхэлдэнэ эзэмдэнэ.
Яаасан их хувьсгал хийдэг золиг вэ.
Хэрэглээний эдийн засаг дээр тогтсон өнөөгийн нийгэмд, бидний “Өлсгөлөн сүнс” товойн тодорч, дуусашгүй хэрэгцээг хангах гол хөшүүрэг болон ашиглагддаг. Хэрэглээний нийгэм гэдэг нь, эд барааг бэлгэдлийн зориулалтаар үйлдвэрлэж, түгээж, хүсэж, авч, хэрэглэдэг нийгэм юм. Энэхүү тогтолцооны хөдөлгүүр хүч хиймлээр бүрдүүлсэн хэрэгцээг жинхэнэ гачаал болон дутагдал хэмээн итгүүлснээр эх үүсвэрээ бий болгодог бөгөөд бодит хэрэгцээ хангагдсан эсэхээс үл шалтгаална. Эд барааг хүний бие биенээсээ ялгарах хүсэл , шунал тачаал дээр нь тоглон зардаг байсан бол одоо айдас, үүр хилэнг хүртэл ашигладаг болж. Системийн эсрэг бүрэлдэж буй хандлагыг хүртэл хэрэглээ болгон эргэлтэд оруулж болдгийн тод жишээ нь 60-ад оны counterculture хөдөлгөөний хувь заяа билээ.


Бүх юмыг шахуу эргэлтэд оруулдаг капитализмын энэ өвөрмөц чанар өнгөц харахад мөнхийн хөдөлгүүр мэт боловч, ямарваа нэгэн паразит эргэн тойрондоо орших бүх биетийг устгаж дууссанаар өөрийн амьдарч буй орчныг үгүй хийдэг нь жам юм. Байгаль дэлхий, ирээдүй хойч үе ээ аварч чадах уу гэдэг харин одоохондоо бидний гарт байх шиг байна.

Tuesday, October 2, 2012

"Бид та нарт юу хийхийг заах гэж ирээгүй......"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд айлчилсан Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увдис”, Фрэнсис Фукуяама “Дэлхийн санхүүгийн хямралын дараах загварууд”, Стивен Краснер “Төр улсыг засан тохинуулахуй: Юу зохистой байв” сэдэвт лекцээ 8 сарын 13-ны өдөр Төрийн ордны их танхимд уншсан . Гурван эрдэмтний тависан илтгэлүүдэд богино шүүмж бичихийн тулд нэгдмэл санаануудыг нь мөлжин гаргаж, тус тусд нь задалж үзвэл үр дүнтэй болов уу гэж бодлоо. 

“Ардчилал бол хамгийн муу засаглал. Гэвч өнөөдрийг хүртэл бид түүнээс илүүг бодож олоогүй байна” гэж “У. Черчиль хэлж байсныг ноён Фукуяма либерал ардчиллын тухай ярьж байсан мэт ойлгуулахыг хичээсэн. Энэ "алдаатай" харьцуулалтаас улбаалан- либерал ардчилал нь хамгийн бодит, шалгарсан дэглэм, тийм учраас ардчиллын дээд хувилбар гэсэн аксиом шахуу юм гараад ирж байна. Эдийн засаг, улс төрийн системийг нэгдмэл үзэгдэл мэт, түүхэн хөгжлийг нь дурьдахгүйгээр тайлбарлах нь мэдээж нийгмийн сэтгэл зүй, цаашлаад улсын хөгжилд их хор хөнөөлтэй "алдаа" юм. Учир нь бид нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж, ардчилсан системээ устгаж болохгүй. 90-ээд онд ардчилал бол сайн сайхны билэг тэмдэг байсан бол одоо энэ дэглэмийн хэлбэрийг харгис, муу муухайн туйл хэмээн үздэг хүн их олширчээ. Монголчууд бид бүх юмыг ингэж хар цагаанаар харахаа болих цаг болсон. Энэ тогтолцоог ямар нэгэн молекул шиг лабораторийн нөхцөлд шинжилж үзэх боломжгүй учраас бүтэхгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “баталсан” тохиолдол байхгүй. Ямарваа нэгэн улсад ардчилсан зарчим ямархуу хэмжээнд хөгжих нь тухайн нийгмийн бүлэглэлүүдийн хүчний харьцаа, түүхэн хөгжлийн онцлог, менталитет (төрмөл шинж), олон улсын эдийн засаг, улс төрийн системд эзлэх байр суурь зэрэг тоо томшгүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тун нь таарсан хор эм болдог шиг, тохиол таараагүй үед ардчилал нь өөрөө хэлбэрээс цаашгүй харагдац болон хувирах тохиолдол элбэг билээ. 

Ардчиллын “цэвэр” хэлбэр гэж байхгүй бөгөөд тухайн орны онцлогийг шингээсэн олон хувилбар оршин тогтнож байна. Либерал ардчилал бол чөлөөт зах зээлийн неолиберализмд тулгуурласан ардчиллын нэг хэлбэр билээ. 1980-аад оноос Тэтчеризм, неолиберализм зэрэг тодорхойлолтоор олонд танигдсан зах зээлийн либералчлалын онол дэлхийн бодлогод ноёрхох болсон юм. Энэ нь улс орнуудын болон дэлхийн эдийн засгийн систем зах зээлийн хуулиар зохицуулагдах ёстой гэсэн “онол”-ын суурьтай суртал билээ. Чухам энэхүү эдийн засаг, улс төрийн системийн хослолыг, түүхийн замналын явцад шилэгдэж үлдсэн систем хэмээн Ф. Фукуяма 90ээд оны эхэн үед тунхаглаж байлаа. 
“....Дэлхийн эдийн засгийн үндэс суурь нь ардчилалд тулгуурлаж буй тул АНУ-ын эдийн засгийн салбар өөдрөг хандлагатай харагдаж байна.” - гэж Ф. Фукуяма дэлхийн өнөөгийн эдийн засгийн байдлыг дүгнэв. Энэхүү далд утгаар илэрхийлж буй санааг цааш нь задлаад үзвэл нэг иймэрхүү гаргалгаа тодрон харагдана. Капиталист тогтолцоотой дэлхийн эдийн засгийн үндэс суурь нь ардчилалд тулгуурлаж буй тул энэ тогтолцооноос үүсэж буй үй түмэн асуудлуудыг хэсэгчилсэн, өнгөцхөн аргаар шийдвэрлэхээс өөр аргагүй. Хэрэв системийн хувьд өөрчлөх гэж оролдох юм бол ардчиллын эсрэг хийсэн дайралт болно. Капитализмын мөн чанар ардчилал, хүний эрх тэгш байх мөрөөдлийн эсрэг байдаг учир өмнөх дүгнэлт оршин буй системийг “өмөөрөх” гэсэн оролдлогоос цаашгүй юм. Эдийн засгийн хямралыг тоглоомын дүрмээ баримталж чадаагүй, үр дүнтэй хяналт, хамтын удирдлагыг хангаж чадаагүй зэрэг өнгөцхөн асуудлуудаас улбаалсан гэж статус кво-г өөрчлөхгүй байх эрмэлзэлтэй хүн болгон донгодож байна. Гэвч, капитализмын дотоод зөрчил үргэлж хямрал үүсгэж байдаг зүй тогтлыг К. Маркс, Ж. М. Кэйнс, Х. Мински зэрэг эрдэмтэд хангалттай нотолсон байдаг. Та бүхэн одоо жижиг мэт санагдах логикийн “алдаанаас” үүсэж буй том зөрчлийг анзаарсан байх. Үүнийг л үзэл суртлын довтолгоо гэдэг юм. 

Профессоруудын ярьсан өөр нэг чухал асуудлыг хөндье. “Төрийн институц нь чанартай, сайн байж чадаагүйгээс авлига, хээл хахууль нүүрлэдэг”, үүнээс болж баялгийн хараал Монголд нүүрлэх вий гэсэн 3 эрдэмтний зовнил нь хүндлүүштэй. Харин, “Монгол улсын төрийн институцүүд сул байгаа учир төр хэтэрхий их зүйлд оролцож болохгүй” гэсэн гаргалгаа нь хүчтэй (данхар бус) төртэй улсын эдийн засаг өндөр хөгжсөн байдаг гэсэн хөдөлгөөнгүй (статик) хамаарлаас (кореляц) гаргаж авсан байх магадлалтай. Олон улс орны түүхэн хөгжлийг харахад энэхүү хамаарал тийм ч тод харагдахгүй байна. Ямар нэгэн улсын төр илүү цар хүрээтэй ажиллаж эхэлсний улмаас чадвар (хүч) нь ихэссэн тохиолдол бас олон байдаг. <Энэхүү сэдвийг цааш судалж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж болох юм гэсэн санаа төрлөө.> Миний бодлоор соёл, түүх, менталитет, олон улсын системийн нөлөө зэрэг олон хүчин зүйлийг орхигдуулан, хоёрхон өгөгдлийн хамаарал дээр тулгуурлан ийм том дүгнэлт хийж яавч болохгүй. 

Төрийн аппаратын зохион байгуулалтын талаар Стэнфордын профессоруудын хөндсөн өөр нэг сэдэв бол төрийн институцийн хөгжлийн асуудал байв. Гол дүгнэлт - төрийн институци нь чанартай, сайн байж чадаагүйгээс авлига, хээл хахууль нүүрлэдэг иймээс үүнийг хянаж, зохицуулах хүчирхэг институц хэрэгтэй. Хүчирхэг институт байгуулах үйл явц “сайн засаглалыг” хөгжүүлснээр эхэлдэг хэмээх ойлголт өнөө үед бараг бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн засаглал”-ын шинж байдлыг иргэдийн өргөн оролцоог хангах, хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, засгийн үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх хэмээн тодорхойлсон байна. 
 Гэхдээ хамгийн хэцүү асуудал бол “сайн засаглал”-ыг Монголын улс төрч, судлаач нар зөвхөн хэв шинж талаас нь тайлбарлахаас, бүтцийн талаас нь хардаггүй байдал юм. Чухам “сайн засаглал” хэмээх бодлогын боодолд багтсан институцуудын алийг нь өрнөөс импортлох, ямрыг нь төлөвшүүлэх тал дээр Монголчууд ч, гаднын зөвлөхүүд ч тогтсон ойлголтгүй байна. Энэхүү “сайн засаглал” дүрэм журмыг баримталдаг, мэргэжлийн бюрократ аппарат, оюуны өмч зэрэг хувийн өмчийг хамгаалах хуулиуд, компанийн засаглалын институцүүд, цар хүрээтэй санхүүгийн систем зэрэг олон төрлийн институцийг багтаадаг байна. Өндөр хөгжилтэй орнуудын институцуудийг одоо хөгжиж буй орнуудад нэвтрүүлэхэд олон тооны хүндрэлийг үүсгэдэг. Өрнийн загварын зарим нэг институцийг хөгжүүлэн, нэвтрүүлэхэд мөнгө болон хүний нөөцийн хэтэрхий их нөөц шаардлагатай байдаг учир хөгжиж буй орнуудад хэрээс хэтэрсэн их дарамт үзүүлэх төлөвтэй байдаг бөгөөд тухайн орны соёл, нийгмийн үнэт зүйлс зэрэгтэй зөрчилдөх тохиолдол багагүй гардаг. Жишээ нь, өндөр хөгжилтэй орнууд хэт хатуу чанга оюуны өмчийн хуулийг нэвтрүүлснээр буурай орны эдийн засгийн хөгжлийг боомилох стратегийн зорилгоо хэрэгжүүлдэг хэмээн хардах үндэслэл байдаг. Иймэрхүү жишээнээс суралцан, өөрийн нөхцөлд тааруулсан институцийг хөгжүүлэх шаардлага хөгжиж буй болон буурай орнуудын өмнө тулгарч байгаа билээ. 

Гурван эрдэмтний хэт туйлширсан онош, зөвлөгөө нь модернизаци болон түүнээс мөчирлөсөн онолуудад хэт тулгуурлаж ажилладагтай холбоотой байж болох юм. Бүх хүмүүс тодорхой хэмжээгээр ямар нэгэн онолын хүрээнд сэтгэдэг бөгөөд энэ сэтгэлгээний “хайрцгаасаа” гадуур сэтгэхэд бэрх байдаг. Өрнийн нийгмийн ухаан гэхэд өөрийн иргэншлийн үнэт зүйлс, түүхэн хөгжлийг өндөрт тавьсан олон догматик үзэлд тулгуурласаар ирсэн. 1950-д онд өрнөдөд үүссэн энэхүү модернизацийн онол нь хоцрогдсон орнууд зайлшгүй шинэчлэгдэн аж үйлдвэржсэн хийгээд аж үйлдвэржсэний дараах нийгэмд шилжих асуудлын талаар тайлбарладаг. Эдийн засгийн хүрээнд модернизаци нь “хоцрогдсон” улс орнуудад өрнийн туршлагаар шигшигдэн батлагдсан цорын ганц хөгжлийн замаар явах шаардлага “тулгадаг”. Буурай орнуудын өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орнуудаас ялгарах байдлыг “хоцрогдлын” төвшнөөр тодорхойлдог байна. Энэ үзлийн гол тулгуур нь - Улс орнуудын хөгжлийн үйл явцын зүй тогтлын гол зангилаа нь ямарваа нэгэн нийгмийн дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалдаг - гэдэг аксиомд оршино. Жишээ нь, буурай хөгжил гэхэд уламжлалт газар тариалан, хүн амын консерватив итгэл үнэмшил, хөдөлмөр хуваарилалтын хангалтгүй түвшин, дэд бүтцийн хоцрогдол зэргээс үүсдэг хэмээн тайлбарладаг. Энэхүү дотоод хүчин зүйлийн нэг жишээ бол дээр дурдсан “сайн засаглалын” асуудал юм. Энэ онолын хүрээнд, ямарваа нэгэн улсын институцийн хоцрогдлыг шинжлэхдээ, олон улсын эдийн засаг, улс төрийн бүтэц, түүний түүхэн онцлог болон системийн дотоод харилцан хамаарал зэргийг огт тооцдоггүй байдал нь профессоруудын Монголын нөхцөлийг дүгнэсэнээс харахад илт байлаа. Ийм ч учраас өрнийн соёлын болон улс төрийн зарчмуудыг туйлын болгож үздэг онолоор бусад нийгмийг харах нь туйлын учир дутагдалтай байдаг билээ. 

Яагаад өрнийн алдартай их сургуулиудын өндөр чадвартай эрдэмтэн судлаачид иймэрхүү үзэл сурталжсан “шинжлэх ухаан” бидэнд тулгаад байна хэмээх асуулт хүн бүхэнд төрөх нь гарцаагүй. Сенсац үүсгэхийг хүсэгчид болон дагалдан баясагчид хуйвалдааны онолоо давтаад эхэлнэ, харин тиймэрхүү “онолоор” тайлбарлагдах үзэгдэл тун ховор билээ. Одоо үеийн дэлхийн эдийн засгийн ерөнхий чиг хандлага, түүнээс үүсэх элбэг дэлбэг, үгээгүй хоосны ялгаа 19-р зуун гарахад аль хэдийн зурагдсан байсан бөгөөд энэ хандлага “Дэлхийн системийн онолоор” төвөггүй тайлбарлагддаг. Уг үзэгдлийг тайлбарлах тал дээр шинжлэх ухаан ч их дэвшилт гаргасан. Гэвч, ямарваа нэгэн эрдэмтэн судалгаа хийх явцдаа өөрийн нийгмийн тогтолцоо, байр суурь, баримталдаг үзэл суртлаа зөвтгөх гэсэн хүслээс тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг билээ. Олон хүн иймэрхүү шинж үзүүлж эхэлбэл нийгмийн лэгитим(члэх) үйл явц болж хувирдаг. Хэрэв хэсэг хүмүүсийн эд хөрөнгийг хураан өөр хэсэг хүмүүст олгох зэргийн ноцтой асуудал (жишээ нь: эдийн засгийн онол) хөндөгдсөн тохиолдолд, үнэт зүйлс, шинжлэх ухаан, ёс зүй зэргийг ялгаж салган объектив дүгнэлт хийхэд улам л хэцүү болдог. Тийм хэцүү нөхцөлд харин ямар нэгэн онол үзэл суртал болон хувирсан байх тохиолдол илбэг байдаг. Судлаачид даа хандаж хэлэхэд “цэвэр” буюу позитив, физиктэй адилхан хөдөлшгүй зарчмуудын үндсэн дээр зохион байгуулагдсан нийгмийн ухаан орших үндэслэл байдаггүй, ямар ч нарийн математик гаргалгаа цаанаа үзэл суртал агуулж байх боломжтой гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз.