Tuesday, September 24, 2013

Аж жаргал<->Эрүүл мэнд




Хүний тархины урд-мезолимбик хэсэг ямар нэг тааламжтай зүйл тохиолдоход идэвхэждэг болох нь Үндэсний эрүүл мэндийн сургууль дээр саяхан явагдсан судалгааны үр дүнд тогтоогдсон байна.  Амттай юм идэх үед идэвхэждэг тархины энэхүү хэсэг нь бусдад туслах, хандив өргөх зэрэг өгөөмөр үйл хийх үед бас идэвхэждэг байх нь.

 
Харвардын профессор Майкл Нортоны хийсэн судалгаа ч дээрх үзэгдлийг баталж байна. Энэхүү туршилтын үеэр оролцогчдод мөнгө өгч өөртөө эсвэл бусдад зарцуулахыг даалгажээ. Сонирхолтой үр дүн гарсан нь юу вэ гэхээр – мөнгөө бусдад  зарцуулсан хүмүүс нь өөрт  зарцуулсан хэдээсээ хамаагүй илүү сэтгэл ханамж авсан байна. Үүнээс харахад өглөгч сэтгэлээр бусдад хандах нь биднийг аж жаргалтай болгодог, харин  хангалуун хүний бие ч сэтгэл ч эрүүл байх нь дамжиггүй юм. 

Барууны шинжлэх ухаан, тэр тусмаа анагаах ухаан хүний бие организм дотоод эрхтнүүдээс гадна, сэтгэл санааны байдлаас онцгой шалтгаалдаг гэдгийг сүүлийн үед хүлээн зөвшөөрч эхэлж байгаа нь ийм олон төрлийн судалгааны ажлуудаас харагдаж байна.
Карнеги Мелон их сургуулийн професор Р. Доэрти хүний сэтгэл зүйн эерэг байдал эрүүл мэндэд нэн сайнаар нөлөөлдгийг цохон тэмдэглээд. 

“Сэтгэл зүйн тогтвортой байдал өвчин тусах магадлалыг бууруулдгийг бид хүлээн зөвшөөрч, ирээдүйд илүү анхаарч судлах ёстой” - хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дурджээ. 

Дээр дурдсанаас гадна өшөө олон судалгаа хүний сэтгэл санаа болон эрүүл мэндийн байдал эерэг хамааралтай болохыг нотолсоор байгаа билээ. Аж жаргалтай хүмүүс ханиа томуу хүртэл бага тусдаг болох нь тогтоогдсон гэнэ. 

Хэрэв ТА дээр дурдсан зүйлсэд итгэхгүй байвал өглөө гэрээс гарахдаа, орой ажил сургуулиасаа тарах үе дээ ямар нэг хүнд өгөөмөр хандаад үзээрэй, хүйтэнд цас цэвэрлэж байгаа хүнд халуун цай өгөөд үзээрэй, тэр хүнээс илүү өөрт тань хэрэг болох магадлал өндөр юм байна шүү!

Эх сурвалжууд: