Wednesday, October 16, 2013

БИ бол...

Хувь хүн байх гэдэг зүгээр нэг оршихын нэр мөн үү? Хувь хүн нь заавал  өвөрмөц бөгөөд давтагдашгүй байх ёстой юу? Хувь хүн байх гэдэг нь ёр нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусдаас өөр байх гэсэн үг үү? Шивээс хийлгэж, хамраа цоолуулснаар та хувь хүн болох уу? Үзэх дуртай кино, сонсдог хөгжмөөр тань таныг хувь хүн мөн үү биш үү хэмээн шинжиж болох уу? 'Би бүх төрлийн хөгжимд дуртай' гэж буй хүнийг та юу гэж дүгнэхэв? Бүх юманд нээлттэй байх нь “ухаантай” нь илрэл үү? мунхгийн тэмдэг үү? Харин ямарваа нэгэн юмыг муу сайн, хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаж салгадаг хүнийг жинхэнэ нээлттэй, мэдрэмжтэй хүн гэх үү? 
  
Бүх юм харьцангуй гэдэг туйлын үзэлтэй хүмүүсийг хувь хэн гэж болох уу? Эсвэл би хүнийг шүүдэггүй хэмээн донгодож явдаг нөхдийг хэлэх үү? Хэнд ч ямар ч хэмжүүр тавьж харьцдаггүй байдал нь мөн чанартаа бас л шүүж, ялгаварлаж байгаа хэрэг бус уу? Юунд ч итгэдэггүй орчин цагийн нигилистүүд хувь хүн мөн үү? Ямар ч үүрэг хүлээх дургүй мөртлөө эрхээ эдлэх болохоор хамгийн шалмаг болдог хүмүүс харин жинхэнэ хувь хүн мөн үү?


Өнөө цагийн шашингүй гэхдээ сүсэгтэй хэмээх утгагүй сонсогддог байр суурь жинхэнэ хувь хүнийг тодорхойлж чадах уу? Эсвэл шинжлэх ухаан бурхан байх боломжгүй гэдгийг нотолсон хэмээн ярих дуртай орчин цагийн атеистууд жинхэнэ хувь хүмүүс юм болов уу? Эсхүл сүсэг бишрэлийг хүний амьдралд ямар бодит нөлөө үзүүлдэг вэ гэж эхлээд асуудаг хүмүүсийг хувь хүн гэх үү?

Шинэ л бол “сайн” хэмээн хэрэггүй эд бараанд цалингаа үрж орхидог байдал нь хэрэглээний солиорол уу? эсвэл бидний өөрийн өвөрмөц бөгөөд давтагдашгүй байдлаа харуулах гэсэн чин хүсэл үү? Эд бараа, машин зашинаар баталгаажуулахгүй бол болдоггүй хэцүүхэн нэр төртэй 'шинэ' Монголчууд харин орчин үеийн хувь хүмүүс юм уу?

Улс төрөөр дамжуулж бодлого хэлэлцэх, боловсруулахыг “улс-төржих” хэмээх хэрүүл хараалаас ялгаж салгахаа больсон ухаантнууд орчин үеийн ЖИНХЭНЭ хувь хүмүүс юм уу? “Дахиад л улс-төржөөд эхэллээ” хэмээн элгээ тэврэн суух нь бууж өгсөн хүний шинж үү, эсвэл бүх юмыг нэг өгүүлбэрээр тайлбарлах хоббитой их мэдэгчийн цэцэрхэл үү?

Аян Рэнд мэтийн 2-р соортын уран зохиолыг сонгодог хэмээн шагшрах тэр толгойнуудыг хувь хүн гэх үү? Ялгаж салгаж чадахгүй байгаагаа, энэ бол миний бодол, хэмээн өмөөрдөг улсыг хэлэх үү? Мэдэхгүй байх нь ичих зүйл биш гэдгийг мэддэг хүн нь харин жинхэнэ хувь хүн юм уу?
Хүн доромжилж, хараал урсгаж, эрээ цээргүй ярихыг хошин шогийн өндөр мэдрэмж гэж боддог нөхөд өнөө үеийн ЖИНХЭНЭ хувь хүмүүс юм үү? Эсхүл 30 хүрээгүй байж алиа, томоогүй зангаа гээж орхисон залуусыг хувь хүн байна гэж дүгнэх үү?

Олныг дагавал хонь болдог, ганцаараа явбал чоно болдог хэмээх хоёр туйлын хүрээнд сэтгэхийг хувь хүн гэх үү? Заавал ялгарч, онцгойрч байж гэмээ хувь хүн болж байна гэж бодох нь харин хамгийн том эндүүрэл байх. Хувь хүн болж төлөвшсөн нь хүн бусдаас ялгарахын тулд онцгойрдог биш харин үнэт зүйлс, үзэл бодлоо хамгаалах гэж хичээдэг болов уу. Хэрэв харин тэр явцын үед хувь хүний онцлогууд ялгараад эхэлбэл асуудал чанарын хувьд өөр төвшинд очих юм шиг.

Г
энэт ЯАГААД ийм олон хэрэгтэй хэрэггүй асуулт тавих болов? Зен буддизмд коан хэмээх юмны учрыг олж харахад өдөөдөг богино түүхүүд байдаг шиг, иймэрхүү асуултуудыг өөрөөсөө байнга асууж байх нь сэтгэлгээг баригдмал бус, нэг тийш хэлбийж туйлшрахгүй, илүү өргөн утгаар харахад их дөхөм болдог.

Өнөө үед бид өөрсдийгөө эрх чөлөөтэй, бусдаас хамааралгүй, биеэ даасан бодгалиуд хэмээн бодох дуртай. Тэгсэн мөртлөө яагаад дийлэнх нь мөнгөнөөс өөр юм бодохоо байсан сүрэг мал шиг бие биетэйгээ ижилхэн болчихов? Хэдэн арван телевизийн сувгаас шилж сонгож үзэх боломж нь жинхэнэ эрх чөлөө мөн үү? Ямар нэг бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой болсон нь 90-ээд онд бидний мөрөөдөж байсан эрх чөлөө мөн үү? Яагаад ийм их сонголт болон боломж байхад бид хоорондоо ИЙМ адилхан байна? Сэтгэл зүйн үүднээс үзэхэд олон сонголт хүнийг чөлөөлөх биш харин дөнгөлж орхидог үзэгдэл сүүлийн үеийн сэтгэл судлал, зан байдлын (behavioral) эдийн засгийн судалгаануудаас (http://www.amazon.com/Paradox-Choice-Why-More-Less/dp/0060005696/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1381912580&sr=1-1&keywords=paradox+of+choice) тодорхой болж байгаа. Таны сонгосон юм болгон чинь харьцуулах боломжтой учир, “нөгөөдөхийг нь авахгүй даанч яав даа!” - гэдэг асуулт үргэлж гарч ирдэг.
Шоу-бизнесийн хэдэн оддын амьдрал, улс төрчдийн тулга тойрсон хэрүүлээс гадна яагаад сэтгэж чадахаа байв? Бидний амьдралыг шийдэж буй хүмүүс болон институцүүд үл үзэгдэх маягийн болчихсон юм шиг. Хүн хэрэв юу болоод байгааг ойлгохгүй бол ямар нэг зүйлд хариу үйлдэл үзүүлж, эсрэг дуугарах боломжгүй болдог. Өөр өөрийн хэл, дүрэм, ертөнцийг үзэх үзэлтэй энэ олон нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны салбарууд жирийн хүний үүднээс харахад дундыг барьсан, объектив юм шиг харагддаг. Гэвч, дийлэнх нь нэлээд маргаантай, заримд тохиолдолд бүр үзэл суртал нэвт шингэсэн байдаг. Хүмүүс хэрэглээ хэрэгцээ хоёроо ялгаж чадахгүй болж буй байдал нь тэдний амьтанлаг чанарыг улам дөвийлгөж, хов жив, эд материалын донтнууд болгоод байгаа билээ. Ийм ч учраас 21-р зууны МОНГОЛ ХУВЬ ХҮНИЙ асуудал өнөө үед шийдэх ёстой зангилаа асуудал болоод байгаа билээ.