Monday, November 7, 2016

ТУРЖ ҮХЭЖ БУЙ ХҮНИЙГ ӨЛСГӨЖ АВАРДАГГҮЙ!!!

"Эдийн засгийг бүхэлд нь либералчлана. Хямралаас гарахын тулд төрийн өмчийн компаниудыг хувьчлана, үнэхээр шаардлагатай гэж үзвэл цөөн тохиолдолд хяналтын багцаа төр эзэмшинэ бусдыг нь 100% хувьчлана. Эрүүл мэндийн салбарыг тэр дундаа улсын эмнэлгүүдийг хувьчлана. Улсын их, дээд сургуулиудыг хувьд өгнө. Эрчим хүчний үнийг чөлөөлнө."

Энэ хэдэн үгийг бид өмнө хаа нэг газар, хэзээ нэгэн цагт сонсож байсан ч юм шиг. 1992 онд уу? 1996 онд уу? Аль эсвэл 2000 онд уу?

Гераклит "нэг голын усанд хоёр удаа орж болохгүй" хэмээн байгаль ертөнцийн мөнхийн хувьслыг тайлбарлаж байжээ. Түүнээс хойш бас нэг мэргэн “нэг голын усанд нэг удаа ч орж болохгүй" гэж хэлсэн нь ч бий. ГЭТЭЛ БИД ХАРИН НЭГ ГОЛЫН УСАНД ХЭД ДЭХ УДААГАА ОРОХ ГЭЭД БАЙНА!?


“ШОК ЭМЧИЛГЭЭ”[Naomi Klein, 2007]-НИЙ ЖОРООР ЭДИЙН ЗАСГАА ОГЦОМ ЛИБЕРАЛЧИЛСНААР БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА ҮГҮЙ ХИЙЖ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, БОЛОВСРОЛЫН САЛБАРУУДАА ХӨСӨР ХАЯЖ, УЛМААР ГЭМТ ХЭРЭГ, АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ ЗЭРГИЙГ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРГЭСЭН ГАШУУН ТУРШЛАГАТАЙ УЛС БИШ БИЛҮҮ?

Сүүлийн хэдэн жилд Грек, Украин, Эстони, Латви, Испани, Ирланд зэрэг улс орнууд олон улсын санхүүгийн байгууллагуудын (ОУВС г.м.) зөвлөгөөгөөр "бүс чангалах" шок эмчилгээний бодлогуудыг хэрэгжүүлж эхэлснээр өөрсдийн эдийн засгаа хэдэн арван жилээр ухраах суурь нөхцөлийг бий болгов.(Joseph Stiglitz, 2010) Банкууд түүнтэй холбоотой ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагууд хоцронгуй хөгжилтэй улс орнуудад их хэмжээний зээлийг өндөр хүүтэй өгчөөд түүнтэйгээ уялдуулаад, нийгмийн халамжийн, тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн бодлогыг чангатгаж, тийш явах мөнгийг эрс багасгахыг шаарддаг. Энэ нь үндсэндээ зээлдүүлэгчдийн шууд буюу шууд бус хэлбэрээр авсан зээлийн хүүг төлүүлэх бодлого юм. Энэ нь бол маш нарийн зохион байгуулалттай цогц МӨЛЖЛӨГИЙН бодлого хэрэгжиж буйн нэг хэлбэр. Энэ үзэгдлийг зарим судлаачид санхүүгийн паразитизм ч гэж нэрлэдэг. (Michael Hudson, 2015) Эмнэлэг, сургууль, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалуудыг хувьчил гээд дайраад байгаа нь төрийг хүчгүйдүүлж, төрөөс ард түмэн лүү, нийгмийн хөгжил рүү очих мөнгийг эрс багасгаж буйн нэг хэлбэр. Улс дамнасан санхүүгийн олигархуудын загвараар бол үндэстний төр зөвхөн татвар хурааж тэр мөнгөө хэзээ ч төлж барагдахгүй хэмжээгээр авсан зээлийн хүүндээ үргэлж төлж байхад зориулагдсан инститүт болох учиртай. Developmental state буюу улс орныхоо хөгжлийн гол түүчээ болох ёстой төр нь зөвхөн хувийн өмчийг хамгаалах, ард түмнээ шулж өр төлбөр төлөх л үүрэгтэй болж буй нь манай гэлтгүй өнөөгийн олон улсын тогтолцооны гол онцлог болоод буй юм. (David Graeber, 2011)

МООД ГАНЦ УДАА Ч ГЭСЭН УДАА МОНГОЛООР ДУУСАХГҮЙ БАЙГ Л ДЭЭ.
Гадаад дотоодын байгууллага, судлаачид бидэнд үргэлж "бүс чангалах" шок эмчилгээний бодлогыг "шахаж" байсан гэвэл худлаа хэрэг болно. Монголчууд бидэнд сонголт үргэлж байсан юм. Одоо ч байгаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүдийн баг 2001 оны 6, 7-дугаар сард Монголд айлчилж чөлөөт зах зээлийн зөвлөмжөөс өөр эдийн засгийн хямралыг гэтлэх бодлогыг дэмжсэнийг манайхан тэр бүр мэддэггүй. Тухайн баг “төр засаг идэвхтэй үүрэг гүйцэтгэж, зах зээлийг хэрэгсэл төдий байлгах ёстой" гэж зөвлөсөн нь АНУ-ын Элчин сайдын "зөвхөн хувийн хэвшил хөгжил цэцэглэлтийг бий болгож ядуурлыг бууруулна" гэж үзсэнтэй зөрчилдөж байв. (НҮБ-ын "Хүний Хөгжлийн Илтгэл", 2003)

Тэд улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг ядуучуудыг харж үзсэн өсөлтийн бодлогыг хамгаалсан нь олон улсын хандивлагч байгууллагуудын (ОУВС, АХС, ДБ) зөвлөмжтэй зөрж байв. Эдийн засгийн өсөлт удааширч, хямрал нөмөрсөн нөхцөлд "мөнгөний хатуу бодлогыг мөрдөх, төсвийн алдагдлыг хамгийн эмзэг салбаруудын зардлыг танах замаар багасгах гэж үзэх нь цаашдаа хүмүүсийг улам ядууруулах аюулыг бий болгоход түлхэж байгаа хэрэг мөн" гэж үзэж байв. (НҮБ-ын "Хүний Хөгжлийн Илтгэл", 2003) Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн тэнцвэрийг хамгаалах бодлого нь хэт хатуу чанартай бөгөөд ядуурал болон тэгш бус байдлыг улам хурц болгодог гэсэн ажиглалт байлаа. Өмнө дурдсан орнууд НҮБ-ын ийм анхааруулгыг үл хэрэгсэн, одоо гороо амсаж эхлээд буй юм.

Нэмж хэлэхэд "бүс чангалах" бодлого, улс орнуудын өрийн тогтвортой байдлыг оношлох арга, аргачлал мөн өрийн хямралд өртсөн орнуудад авсан арга хэмжээ нь буруу байсныг ОУВС -ийн хяналтын газар нь хүртэл хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. (http://www.ieo-imf.org/ieo/pages/CompletedEvaluation267.aspx) Энэ тайланд дурдаснаар "ОУВС Грекд зээл өгөхдөө өрийн тогтвортой байдлыг (debt sustainability) бодитойгоор тодорхойлж, урьдчилсан дахин зохион байгуулалт (preemptive restructuring) хийгээгүйн улмаас эдийн засгийг ширгээхэд багагүй хувь нэмэр оруулжээ."

ТӨСВИЙГ ТАНАХЫН ОРОНД МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЧАНАРЖУУЛАХ ЦОГЦ ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙГ ЗОХИХ ХЭМЖЭЭНД ЭРЧИМЖҮҮЛЭХ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРЛААС ГАРАХ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЗЭРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН МӨЧЛӨГИЙН ЭСРЭГ БОДЛОГО ЯВУУЛСНААР БИД ХЯМРАЛЫГ ГЭТЭЛЖ, ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМ РУУ ОРОХ ЮМ.

ХЯТАДААС АВАХААР ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ "УЛС ТӨРИЙН ЗЭЭЛ" Ч ГЭСЭН ҮҮНЭЭС ДУТАХГҮЙ ЭРСДЭЛТЭЙ. ЭДИЙН ЗАСГИЙН ХАМААРАЛ УЛС ТӨРИЙНХ БОЛЖ ХУВИРАХ НЬ ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ ЮМ. БИД УУЛ НЬ ЗЭЭЛ АВАХ, БҮС ЧАНГАЛХААСАА ӨМНӨ БАНК САНХҮҮГИЙН КАРТЕЛИЙГ ЦЭГЦЛЭХ, ТАВЬСАН ӨР ЗЭЭЛЭЭ ДАХИН ХЯНАЖ, ЦОГЦ АУДИТ ХИЙХ, ТАТВАРЫН ТОГТОЛЦООГ ИЛҮҮ ШУДАРГА БОЛГОХ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛ ҮҮРГИЙН ДАВХЦЛЫГ АРИЛГАЖ БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗЭРЭГ АЛХМУУДЫГ ХИЙХ ЁСТОЙ ЮМ. ӨМНӨХ АЛХМУУДЫГ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД Л ДАХИН ЗЭЭЛ АВАХ ТАЛААР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ, БҮХ НИЙТЭЭРЭЭ ШИЙДЭХ ЁСТОЙ ЮМ.

No comments:

Post a Comment