Wednesday, September 7, 2016

Давосын чуулганы 7 домог

chomsky 10Жил бүрийн нэг сард Дэлхийн эдийн засгийн форумын (ДЭФ) Давосын чуулга уулзалт мөн Дэлхийн нийгмийн форум гэсэн хоёр чухал арга хэмжээ зохион байгуулагддаг билээ. Манайхан Давосын чуулганыг харьцангуй сайн “мэддэг” ч нөгөө үйл ажиллагааны талаар бараг мэдээлэлгүй гэж хэлж болох юм. Дэлхийн эдийн засгийн форум нь хүн төрөлхтний өмнө тулгараад буй хамгийн хүнд асуудлуудыг шийдэх зорилготой хараат бус байгууллага гэх боловч үүссэн цагаасаа (1971 он) л хойш ширүүн эсэргүүцэлтэй тулгарч иржээ. Эсэргүүцлийн давалгаа 1990-ээд оны адагт дээд цэгтээ тулж, дэлхийн өнцөг булан бүрд дэлгэрэв. Даяарчлалын түүчээ болсон ДЭФ, Дэлхийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудын бодлого ядуурлыг улам ихэсгэж, тэгш бус байдлыг гааруулж, байгаль орчныг сүйтгэж байгаа нь маргаангүй болсон юм. Дэлхийн нийгмийн форум яг энэ эсэргүүцлийн давлагаанаас үүссэн бөгөөд хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг харгалзсан, илүү шударга, ардчилсан тогтолцоо үүсгэхийг эрмэлздэг байгууллага аж. Зориудаар нэг сард (ДЭФ-тэй адил) зохиогддог энэхүү чуулга нь улс орнуудын иргэний нийгмийн байгууллагууд, активистууд, хөдөлгөөнүүд зэргийг цуглуулан төрөл бүрийн эвслүүд үүсгэж, өнөөгийн үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашгийг хамгаалсан даяарчлалаас илүү хувилбар бий болгох зорилготой юм.

Өнөө үеийн нэрт эрдэмтэн, улс төр судлаач Ноам Чомски Давосын талаар ингэж бичжээ:"Олон нийтийг төөрөлдүүлэх пропаганда тогтолцоо даяарчлалыг өмчлөн авч, өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан эдийн засгийн интегралчлалын тодорхой нэг хэлбэрийг даяарчлал хэмээн ухуулж байна. Энэхүү пропагандын дүрмээр бол хүний хүн шиг амьдрах эрх, байгаль орчныг хамгаалсан хүмүүс шууд даяарчлалын-эсрэг хүчин болж хувирч буй юм. Жишээ болгож даяарчлалын-эсрэг хэмээн цоллогддог Дэлхийн нийгмийн форумыг аваад үзье. Эрүүл ухаанаар харвал дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, мэргэжил салбар болгоны төлөөллийг багтаасан энэхүү чуулган нь даяарчлалын сонгодог хувилбар баймаар юм. Гэтэл, багаар бодоход хүн бүр 40,000$ төлж оролцдог, зөвхөн баян бизнесийнхан, төрийн өндөрлөгүүд зэргийг хамарсан Дэлхийн эдийн засгийн форум гэгч энэ байгууллага даяарчлалын билэг тэмдэг гэж нэрлэгдсээр...”
Ингээд Давосын чуулганы хүрээнд үг дуугүй шахуу хүлээн зөвшөөрөгдсөн 7 домгийг танилцуулъя.
Домог #1 – Ядуусын орлого нэмэгдэж байгаа
inequality
Ядуусын орлого нэмэгдэж буй учраас тэгш бус байдал, тэр тусмаа орлогын тэгш бус байдал огт хамаагүй, бидний санаа зовох асуудал биш хэмээн Давосын эдийн засгийн чуулганаас бидэнд ухуулсаар ирсэн билээ. Бодит байдал харин ямар байгаа билээ? Хөгжиж буй орнуудад, ялангуяа Сахарын цөлөөс урагшаа орших Африкийн (Саб Сахарын) улс орнуудад ядуурал улам гаарсаар. Ядуурал, тэгш бус байдал хоёрыг салгаж, огт холбоогүй үзэгдлүүд болгон харуулах нь харин ямар зорилготой вэ? Цөөн тооны хүмүүс өөрийн амьдралын стандартыг бууруулахгүйгээр ядуусыг “энэрч” тэтгэнэ гэсэн үг юм. Энэ нь мэдээж одоо оршиж буй эрх мэдэл, хүчний харьцааг эвдэхгүйгээр асуудлыг шийдэх гэсэн башир арга юм.
"Орлогын болон хэрэглээний тэгш бус байдал гаарсан ямар ч улс орон дундаж орлоготой орны статусаас давж хөгжиж чадсан түүх байдаггүй билээ" - Дэлхийн Банкны тайлан
Домог #2: Чөлөөт зах зээл төрөөс илүү үр ашигтай ажилладаг
myth3
 Төрийн өмч нь ус дутаж, шарласан ургамал, хувьчлал харин бороо аж” – Дэлхийн Банкнаас санхүүжүүлсэн дууны хэсгээс
Манай улс төрчид бизнес төрийн сектороос илүү үр ашигтай ажилладаг хэмээн донгодох дуртай. Хувьчлал гэдгийг өнөө үед бүх асуудлыг шийдэх “шидэт саваа”- мэт ойлгох болжээ. Яг ямар судалгаа, баримт дээр үндэслэж иймэрхүү дүгнэлт гаргадаг юм гэж асуух хүн ховор. Бодит байдал дээр хөгжиж буй болон ядуу буурай олон улс орон нийтийн өмчөө хувьчилж, зарахыг нь зарж, эцэс сүүлдээ сүйрлийн байдалд орсон гашуун туршлагатай билээ. Иймэрхүү төөрөгдөл зөвхөн манайд байдаг уу гэвэл бас үгүй юм.
 Дэлхийн Банк Танзани улсад хувьчлалын гайхамшгийг магтан дуулсан поп дууг санхүүжүүлсэн тохиолдол хүртэл байдаг аж. Үүний үр дүнд Британийн Сити Уотэр компани Танзанийн олон нийтийн усны аж ахуйг хувьчилж авсан бөгөөд тэр даруйдаа үнээ өсгөж, олон нийтийн эсэргүйцэлтэй тулгарч, тун удалгүй тус орноос хөөгдсөн түүхтэй. Усыг хувьчлах оролдлогууд иймэрхүү гашуун байдлаар дуусаж байсан тул Мали, Гана, Мапуто, Неаполь, Берлин зэрэг газруудад олон нийт ус түгээх үйлчилгээгээ буцааж орон нутгийн эсвэл ашгийн бус байгууллагын мэдэлд авч байжээ. Маш сайн ажилладаг нийтийн компанийн хамгийн тод жишээ бол Шотландын олон нийтийн Скоттиш Уатер  юм. Энэхүү байгууллага нь Британийн хамгийн үр ашигтай мөн хямд усыг нийлүүлдэг аж.
Дэлхий даяар төрөөс гадна орон нутгийн засаг захиргаа, хоршооллууд хамгийн чухал нийтийн үйлчилгээнүүдээ гартаа авч буй бөгөөд Германы сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлт гэхэд бага хэмжээний нөхөрлөл, хоршооллуудын үнэмлэхүй оролцоотой явж байна.
Домог #3: Хамгийн хүнд асуудлуудыг шийдэх гол арга бол санхүүгийн зах зээл
Бид банк санхүүгийн эрин үед амьдарч байна. Зах зээлийг, тэр тусмаа банк санхүүгийн салбарын хяналтыг багасгаж, хэт сул тавьбал яадгийг 2008 оны эдийн засгийн хямрал тод томруун харуулсан байлтай. Гэтэл үүнээс сургамж авах нь битгий хэл бүр эсрэгээрээ бидний амьдралын эд эс бүрийг зах зээлийн эргэлтэд оруулах, санхүүчлэх (financialization) үйл явц улам эрчимжсээр. Байгаль, хүрээлэн буй орчныг аврахын тулд түүнийг үнэлж, зах зээлийн эргэлтэд оруулах ёстой гэсэн догма олон улсын санхүүгийн байгууллагууд, байгаль орчны төлөөх бүхий л санаачлагын гол суурь болох төлөвтэй.
Цаг үүрийн өөрчлөлтийг удаашруулахын тулд нүүрстөрөгчийн зах зээл үүсгэх гэсэн оролдлого нь үүний нэг тод жишээ юм. 1997 онд Японы Киото хотод цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын бага хурал болсон бөгөөд эндээс гарсан Киотогийн протоколын зорилго нь 6 төрлийн хүлэмжийн хийн хаягдлыг тэдгээрийн 1990 оны түвшинтэй харьцуулахад 5,2%-аар бууруулах байв. Хүлэмжийн хийн хаягдлыг худалдаалах зах зээлийн аргыг (Emissions Trading Scheme) 2005 оноос хойш ашиглаж ирэв. Энэхүү арга үр дүн өгөөгүйгээр барахгүй нийт хаягдал 1997 оны түвшингээс 50% аар ихэссэн байх жишээтэй (2012 оны байдлаар).
Бодит байдал дээр нүүрстөрөгчийн үнэ хэтэрхий хямд байгаа бөгөөд өнөөгийн хэрэглэгдэж буй механизм (Emissions Trading Scheme) компаниудад улам ихээр хий ялгаруулах шалтаг олгосоор. Цаг үүрийн байдал улам тогтворгүй болж, дундаж температур дээшилсээр байгаа үед спекуляторууд, томоохон компаниуд хийн хаягдлыг худалдаалах зах зээлийг ашиглан мөнгө хийх бас нэг эх үүсвэртэй болов.
Домог #4: Бидэнд эдийн засгийн өсөлтөөс өөр юм хэрэггүй.

econ growth
Манай эрин үеийн голлох нийгэм эдийн засгийн үзүүлэлт, ухагдахууныг нэрлээд аль гэвэл ДНБ буюу эдийн засгийн өсөлт гэдэгтэй марган хүн гарахгүй болов уу. Өнөөдөр ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах ямарваа нэгэн стратегийн гол зангилаа нь ДНБ, түүний өсөлт дээр тогтдог. Гэвч эдийн засгийн өсөлт нь хөгжил биш юм. Эдийн засаг нь дэлхийд байхгүй хурдтай (17%) өсөөд байхад улс орон маань бодитоор хөгжихгүй, ард иргэд маань улам ядуурсаар байгаа нь үүний тод жишээ биш үү?! Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд бодит нөлөө үзүүлж, тогтвортой, тэнцвэртэй, мөн хүртээмжтэй байх тохиолдолд л утга учиртай болох юм.
Эдийн засгийн өсөлт ихэнх улс оронд огт хүртээмжгүй байгаа явдал Нигер улсын жишээнээс тод харагдана. 2004-өөс 2010 оны хооронд Нигерийн ДНБ дөрөв дахин өссөн боловч ядуурал ганцхан хувь буурчээ. Харин эдийн засгийн өсөлт нь 2001 оноос хойш жилийн 3.9% -тай байсан Балба улсын ядуурлын түвшин харин 2003 оноос 2010 онд илт буурсан үзүүлэлттэй (53%-аас 24% хүртэл) байх жишээтэй. Ийм дүр зураг хөгжингүй орнуудад ч гэсэн ажиглагдсаар. Эдийн засгийн хувьд 20 гаруй жил зогсонги байгаа Япон Улс амьдралын түвшин, нийгмийн тэгш байдлын үзүүлэлтээр үлгэр жишээ байсан хэвээр. Гэтэл Японоос илүү хурдацтай өсөлттэй байсан АНУ-ад боловсрол, эрүүл мэнд, тэгш бус байдал урд хожид байгаагүй тааруу хэмжээнд байна.
Домог #5: Чөлөөт худалдаа хийснээр улс орон бүр хождог
myth5
Хүнс болон өргөн хэрэглээний барааны хомсдол, картын барааны дараалал, албан бус эдийн засаг цэцэглэсэн Ардчилсан Солонгосыг бидэнд чөлөөт худалдаанаас татгалзсан орны сонгодог жишээ болгон анхааруулдаг. Гэвч энэ нь маш өрөөсгөл төсөөлөл юм. Чөлөөт худалдааг үг дуугүй шүтэж байсан олон улс орон доройтсон байхад зах зээлээ нээгээгүй газрууд хөгжин цэцэглэсэн түүх элбэг билээ.
Экспортод тулгуурлан хөгжсөн Өмнөд Солонгос, Япон хоёрын жишээг чөлөөт худалдааг ухуулагчид ярих их дуртай байдаг. Хэдий эдгээр улсууд зах зээлээ нээж, татвар, квот, татаасаа багасгасан боловч удаан хугацаанд дотоодын үйлдвэрлэл, газар тариалангаа гаднын өрсөлдөөнөөс хамгаалан, босгож ирсэн байдаг. Харин 1980-аас 1990 ээд онд хэрэгжсэн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрүүдийн хүрээнд зах зээлээ чөлөөлсөн Африк, Латин Америк болон Ази тивийн олон орнууд улс орноо мөлхүүлж орхисон түүхтэй. 1960-аад оноос хойш тогтвортой өсөж байсан Саб-Сахарын орнуудын эдийн засаг 1980-аас 1990 ээд онд бараг зогсолтын байдалд орсон аж. Дэлхийн Банкны “шилдэг сурагч” болох Гана улс 1994 онд “шалгалтаа онц өгч”, дотоодын зах зээлээ тэр чигээр нь нээснийхээ үр дүнд 10 жилийн дотор эдийн засгаа сүйрүүлсэн гашуун туршлагатай билээ.
Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн үр дүнд үндэстэн дамнасан компаниуд хуулийн хүрээнд тусгай эрхтэй болдог аж. Улс хөрөнгө оруулагч хоорондын маргааныг таслах (ISDS) тогтолцооны хүрээнд корпорацууд улс орнуудыг шууд шүүхэд дуудах эрхтэй болдог. ISDS-ын хүрээн дэх маргаан таслах хурлууд нь нууцаар явагддаг төдийгүй, байгаль орчин, ард иргэдээ хамгаалах шийдвэр гаргасан улс орнууд дааж давшгүй өрөнд ордог билээ.
Домог # 6: Тусламж бол хөгжлийн түлхүүр
Хөгжингүй орнуудаас чиглэгдэж буй тусламж үр дүнгээ өгөхгүйгээр тогтохгүй шударга бус байдлыг гааруулж байна. Учир нь хөгжлийн тусламжаас завшиж буй тал нь үндэстэн дамнасан корпорацууд байдаг. Африкт үзүүлдэг тусламж жилийн 30$ орчим тэрбум байхад корпорацын ашиг, өрийн үйлчилгээ, татварын зугталт зэргээс шалгаалан Африкаас жил болгон 190 орчим тэрбум доллар гадагшаа урсдаг аж.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээл зэргийг тооцож үзсэн ч Африкаас жил бүр $60 орчим тэрбум урсан гарсаар. Үүнээс хэн нь хэнийгээ тэжээгээд байна гэдэг асуулт гарах нь дамжиггүй. Энэхүү байдал нь ихэнх тусламж банк, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд зэрэг ашгийн төлөөх компаниудаар дамждаг болсон тогтолцооны хамгийн тод илрэл юм. Тусламжийн мөнгийн тодорхой хувь тухайн улс орны удаан хугацааны хөгжилд бус богино хугацааны ашиг олоход чиглэдэг учир ядуурал бурах биш тансаг зэрэглэлийн байшин, худалдааны төвүүд олширсон тохиолдол олон.
Ийм ч учир сүүлийн хэдэн жилд тусламжид хандах хандлага орвонгоороо эргээд буй юм. 2012 онд Энэтхэгийн сангийн сайд Их Британийн тусламжийг ач холбогдолгүй зүйл хэмээн дүгнэсэн тохиолдол ч бий. Хуучин колони байсан улс орнууд албан есны тусламжийн ногооныг өмнөх нүглийн өр төлөөс, жам ёсны зүйл гэж харах нь элбэг аж.
Домог # 7: Африкт тусламж хэрэгтэй
Domog 7
Африкчуудыг залхуу, арчаагүйдээ ядуу яваа хэмээх үзэл олон улсын тусламжийн хөтөлбөр, хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын амны уншлага шахуу байсаар ирэв. Гэвч асуудал Африкчуудын мөн чанар эсвэл бурханаас өгөгдсөн авьяас чадвараас бус, харин олон улсын эдийн засгийн тогтолцоотой шууд холбоотой юм. Сая сая хүмүүс уух усгүй, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байгаа нь баялгын тэнцвэргүй хуваарилалтаас үүдэлтэй билээ. Эрх мэдэл, зах зээлийг цөөн хэдэн монополь корпорацууд атгаж буй нь ядуу буурай улс орнуудын тогтвортой хөгжих бололцоог нэг мөсөн үгүй хийж байна. Үүний нэг тод жишээ бол хүнсний хямралын асуудал юм. Хоол хүнсний үйлдвэрлэл, хуваарилалт хэдхэн мега корпорацын хяналтад байдаг бөгөөд үр тарианы 75%, бордооны 55%, хортонтой тэмцэх бодисын 95%-ийг 10-хан том корпорац хянадаг. Баячуудыг хооллох нь ядуусыг хооллохоос үргэлж илүү ашигтай байдаг тул энэ салбарын бүтээгдэхүүний дийлэнх хувь хөгжингүй орны зах зээлд зориулагддаг. Хан боргоцой жимсний салбарын ашгийн 4%-хөн хувь нь хамгийн хүнд хүч хөдөлмөр хийсэн тариаланчдад оногддог гашуун факт бий.
Хөгжиж буй орнуудын хувьд өнөөгийн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцооноос гарахгүйгээр, неолиберал даярчалаас ухрахгүйгээр улс орноо өөд нь татах ямар ч бодит боломж байхгүй дээр дурдсан 7 домог харуулж байна. 
Орчуулж, эмхтгэсэн Ж.Санчир

No comments:

Post a Comment